Saturday, October 23, 2010

Компьютерын үндсэн ойлголт

Компьютер гэдэг нь өгөгдсөн зааврын дагуу мэдээлэл, өгөгдлийг боловсруулдаг машин юм. Өнөө цаг үед бидний амьдралын тасралтгүй нэгэн хэсэг болсон компьютерын эх суурийг 20-р зууны эхэн үед бүтээгдэж байсан тооцоолох төхөөрөмжүүд тавьсан гэж үздэг бөгөөд жинхэнэ утгаараа цахим тооцоолох машиныг 1940-1945 оны үеэс бүтээж эхэлжээ. Тухайн үеийн машинууд нь асар том хэмжээтэй, маш их эрчим хүч шаардаж байж өнөөгийн компьютеруудтай харьцуулахад өчүүхэн төдий мэдээлэл боловсруулдаг байсан ба мэдээлэл оруулах, гаргаж авахдаа тусгай кодоор хийдэг байжээ. Орчин үеийн компьютерууд нь нэгдмэл цахим хавтанд (integrated citcuit) суурилан бүтээгддэг бөгөөд сансрын хөлгийн удирдлагаас эхлээд халаасны төхөөрөмж гэх мэт олон хэлбэрээр бидний амьдралд нэвтэрчээ. Энэ удаагийн бүлэгт бид энгийн компьютерын загварыг танилцуулна.

Компьютерын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол Төв Тооцоолох Хэсэг (ТТХ) буюу Central Processing Unit - CPU юм. Энэ нь 4 гол хэсэгтэй бөгөөд Арифметик Тооцоолох Хэсэг (АТХ) буюу Arithmetic Logic Unit юм. Энд хамаг гол арифметикийн болон логик тооцооллууд явагддаг байна. Дараахи эд анги бол Бүртгэл санах ой буюу Register юм. Энэ нь компьютер доторхи санах ойнуудаас хамгийн хурдан хандалттай нь юм. Кеш (cache) санах ойтой төстэй төдий ч АТХ-тэй ойр байрладаг учир илүү хурдан ажиллагаатай юм. Удирдлагын хэсэг буюу Control Unit нь санай ой мэдээллийг түүвэрлэн авч АТХ-д оруулан тооцоолуулах, хариуг санах ой руу шидэх үйлдлүүдийг удирдан зохицуулдаг байна.
Дамжуулах систем буюу System Bus нь дотоод болон гадаад санах ой, оруулах холбогч, гаргах холбогчдыг ТТХ-т холбон мэдээлэл дамжуулах үүрэгтэй байдаг. Дамжуулах системийн үзүүлэлтийг тодорхойлох үзүүлэл бол Intel загварын процессорын хувьд Front Side Bus - FSB нь тусдаа байрлаж Chipset буюу удирдах схемээр тодорхойлогдож байдаг бол AMD процессорын хувьд HyperTransport гэсэн хэсэг нь ТТХ дотроо байрлан холбож байдаг. Ерөнхийдөө дамжуулах систем нь ерөнхийдөө 200Mhz хурдтай байдаг бөгөөд процессорын боломжит тооноос хамааран 533Mhz, 800Mhz, 1066Mhz ба 1300Mhz хүрч болно. Intel болон AMD процессоруудын талаар 3-р бүлэгт дэлгэрэнгүй танилцуулах болно.
Компьютерын санах ой нь дотоод болон гадаад гэсэн 2 төрлийн байдаг. Дотоод санах ой нь Зөвхөн Уншдаг Санай ой буюу Read-Only Memory (ROM), Дурын Хандалттай Санах ой буюу Random Access Memory (RAM) гэсэн төрлүүдтэй. ROM нь компьютерын эх хавтанг үйлдвэрлэхэд тухайн эх хавтанг удирдан доод түвшинд ажиллуулах BIOS (Basic Input/Outpud System) байрладаг бөгөөд зөвхөн тохиргооны хэдэн утгаас өөрөөр огт өөрчлөгддөггүй. Тусдаа өөрийн гэсэн зайтай учир компьютерыг унтраасан, салгасан үед ч мэдээлэл нь устдаггүй байна. RAM нь үйлдлийн систем, хэрэглээний программууд ажиллах үед хэрэглэгддэг бөгөөд дурын үед бичилт, уншилт хийгдэн ажиллаж байдаг чухал эд анги юм.
Гадаад санах ой гэдэг нь хагас дамжуулагчтай (флаш диск), соронзон (хатуу диск), гэрлэн (CD, DVD, Blu-Ray г.м.) болон цаасан гэсэн төрлүүдтэй. Эдгээрээс хатуу диск, CD уншигч нь орчин үеийн ихэнх компьютеруудад бараг стандарт шахуу байдаг билээ. Та мэдээллийг хэвлээд гаргах юм бол цаасан дээр буун сануулагдаж байгаа гэсэн үг.
Оруулах холбогч (Input port) болон гаргах холбогч (Output port)-ууд хэрэглэгч, компьютер хоёрын холбогч зууч болох бөгөөд хэрэглэгчээс удирдамж, заавар, мэдээлэл хүлээн авч боловсруулаад түүнд ойлгомжтой хэлбэрээр гарган харуулах зорилготой юм. Оруулах түгээмэл хэрэгсэл нь гар, хулгана, сканнер, камер гэх мэт бөгөөд гаргах төхөөрөмжид дэлгэц, хэвлэгч, чанга яригч, проектор зэрэг орно.
Энэ бүлгийн эцэст дурдахад компьютер гэдэг ойлголтонд зөвхөн бидний хэрэглэж заншсан ширээний болон зөөврийн компьютераас гадна бусад олон төрлийн цахим хэрэгслүүд орж болох бөгөөд дараа дараагийн бүлгүүдэд PC (Personal computer) гэж хэлж заншсан хувийн компьютерууд болох Desktop (Ширээний компьютер), Notebook (Зөөврийн компьютер)-н талаар танилцуулна. Apple Macintoch, Macbook болон Linux системүүд бүгд PC-д хамаарах бөгөөд тухай бүр дэлгэрэнгүй танилцуулан явах болно

No comments:

Post a Comment